Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх талаар Бүгд Найрамдах Казахстан Улстай явуулж ирсэн уламжлалт хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах санаачилгыг Төрийн албаны зөвлөл тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтай хийсэн уулзалтаар дэвшүүллээ.
Казахстаны Алматы хотод НҮБ-ын Бүсийн төв байрлан өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Казахстаны Төрийн захиргааны академи нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрөөр гадаад орны мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэдэг юм. Тус сургуулийн төгсөгчид Монгол Улсын төрийн албанд амжилттай ажиллаж байгаа байгааг хоёр тал тэмдэглээд цаашид манай улсын төрийн албан хаагчдыг магистр, докторантурын болон дипломын дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах квотыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болов.
Элчин сайдын зүгээс хоёр улсын төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагааны “гүүр” болон ажиллаж, Төрийн албаны зөвлөлийн хүсэлт, санаачилгыг хэрэгжүүлэн сургалт, судалгаанд суурилсан төрийн албаны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааны арга, хэлбэрүүдийг өргөжүүлэн ажиллахаар тогтсон байна.
---о0о---