“Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” цахим сургалтын төгсөлтийг “Насан туршид үлдэх ур чадвар” сэдвийн хүрээнд Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас хамтран зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” Төслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофф, ЛЭОС-ийн тэргүүн, доктор Ц.Бүжидмаа болон Төслийн нэгж, аймаг, нийслэл, сумдын 546 байгууллагын төрийн албан хаагчдын төлөөлөл оролцож, манлайлагч 6 эмэгтэй эзэмшсэн ур чадвар, мэдлэгээ түгээн дэлгэрүүллээ.
Эмэгтэйчүүд нийт төрийн албан хаагчдын 61.5 хувь, үүнээс удирдах албан тушаалын 24 хувьд нь ажиллаж байгаа талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд хийгдсэн “Төрийн захиргаан дахь жендэрийн эрх тэгш байдлын суурь судалгаа”-нд тулгуурлан уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Суурь судалгаанд оролцсон эмэгтэй албан хаагчид манлайллын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг албан тушаал ахих, өсөж дэвшихэд нь чиглүүлэх шинэлэг арга барил, хөтөлбөрүүд шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгаанд үндэслэсэн манлайллын хөтөлбөрийг шинээр боловсруулжээ. “Зөөлөн ур чадвар”, “Чиглүүлэх”, “Дасгалжуулах” 3 дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн захиргааны албан хаагчдаас нийт 55 эмэгтэйг чадахуйн зарчмаар шалгаруулан хамруулж, 2020 оноос 6 сарын хугацаагаар туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн цахим сургалтыг нээж “...төрийн албаны удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Авилгад өртөх магадлал бага, ёс зүй, сахилга бат хамгийн өндөр байдаг чухал чанарууд эмэгтэй хүнд байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Татвар төлөгч иргэдийн төрийн албанд тавьж буй нэн тэргүүний шаардлага нь ёс зүй, сахилга хариуцлагын асуудал. Энэ чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд ёс зүй сахилга хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх олон ажил хийж буйн нэг нь энэхүү хөтөлбөр. Уг хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олон, Төрийн албаны зөвлөл, Канадын Элчин сайдын яамныханд талархал илэрхийлж, төгсөлтөө хийж буй 55 манлайлагч эмэгтэйчүүддээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэлээ.
Уг арга хэмжээнд зориулж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Ковидоос үүдэлтэй VUCA ертөнцийн үед төрийн албан хаагчийн ур чадвар ямар байх, сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар үг хэллээ. Төрийн албаны шинэтгэл дэлхийн олон оронд урт хугацаанд хэрэгждэг бол манай улсад богино хугацаанд өргөн хүрээтэй өрнөж, олон ажлын эхлэл амжилттай тавигдаж байна. Энэ эхлэлийн нэг бол жендэрийн мэдрэмжтэй төрийн албыг хөгжүүлэн төлөвшүүлэх зорилт бүхий энэхүү төслийн нэг хэсэг юм. Төрийн албанд ажиллагсадын 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг ч удирдах түвшинд харьцангуй бага байгааг нэмэгдүүлэх талаар ахиц гарган ажиллахыг зорьж байна. Эдгээр ажлыг судалгаа, өгөгдөл, технологийн дэвшил болон харилцаа, манлайллын ур чадваруудад суурилан амжилттай гүйцэтгэх боломжтой. Хүний хэнтэй ч хуваалцсан дундардаггүй “өмч хөрөнгө” бол мэдлэг, ур чадвар. Энэ баялгаа үүрэг даалгавраар биш санал санаачилгаараа ажил албандаа ашиглаж, нийтийн сайн сайханд зориулах нь өнөөгийн хувьсамтгай цаг үед ч ажил амьдралдаа хувиршгүй амжилт гаргах үндэс болно. Өглөө бүр ажилдаа аз жаргалтай ирж, үр бүтээмжтэй ажиллан, орой гэр лүүгээ яарч харьдаг хүн л аз жаргалтай байдаг. Ийм аз жаргалтай хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, сурсан мэдсэнээ бусдадаа түгээж байж насан туршид нь үлдэх ур чадвартай болно” хэмээн зөвлөлөө.
Канад Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофф Канадын нийтийн албаны хөгжил шинэтгэлийн чиглэлээр мэдээлэл өгөв. “Нийтийн албандаа diversity /олон янз байдал/ ба inclusion /оролцоо хүртээмж/-ийг бий болгох нь Канадын төрийн албаны өнөөгийн хамгийн чухал зорилт болж байна. Инновацийг тэлж, бүтээмжийг нэмэгдүүлж, харилцан хүндлэл бүхий эрүүл ажлын байрыг бий болгодгийг дэлхийн хамгийн өндөр амжилттай байгууллагууд хүлээн зөвшөөрч байна. Олон янз бүлгийн төлөөллийн тэгш оролцоотой нийтийн алба байгуулах нь танай, манай хоёр орны төрийн албаны үүрэг мөн боломж гэдгийг онцлов.
Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн удирдах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд манлайлал, карьер төлөвлөлтийн сургалт дутагдаж байсныг хөтөлбөрийн үр дүнгээс хуваалцсан оролцогчид дурдлаа.
Тус хөтөлбөр цаашид төрийн албанд үргэлжлэн хэрэгжих бөгөөд удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайллыг бодитой нэмэгдүүлэх замаар төрийн албаны шинэтгэл, жендэрийн мэдрэмжтэй төрийн албыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг оролцогчид санал нэгтэй онцоллоо.
---о0о---