Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийн замын зураглалын тоон мэдээлэл, төрийн албаны шинэтгэлийн талаар цахим уулзалт сургалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, 14 яамны Төрийн нарийн бичгийн дарга, 36 агентлагийн дарга, 21 аймгийн Тамгын газрын дарга болон төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөц, статистик, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг оролцуулсан нийт 300 гаруй албан хаагчид хамрагдлаа.
Төрийн албаны бүтцийн зураглал нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт төрийн байгууллагууд, тэдгээрийн харьяа агентлагууд, байгууллага тус бүрт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тоо зэрэг төрийн захиргааны байгууллагуудын тоон өгөгдлийн бүрэн зураглал юм.
Эдгээр тоон өгөгдөл дээр үндэслэн төрийн албаны шинэтгэлийг цаашид хэрхэн гүнзгийрүүлэх замын зураглалын төслийг цахим уулзалтын үеэр танилцуулав.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тоо баримтуудыг дурддаг, тоочдог, хадгалдаг биш ашигладаг, бодлого төлөвлөлтөд нэвтрүүлэн эргэлтэд оруулан ажиллах хэрэгтэйг онцлов. Төрийн албаны шинэтгэлийн замын зураглалыг гаргаж буй энэхүү ажил нь Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж буй бөгөөд тоон мэдээллүүдийг үнэн зөв, бодитой гарган нэгтгэхэд төрийн захиргааны байгууллагууд дор бүрнээ үнэн зөв гаргаж нягталж ажиллахыг үүрэг болгов. Төрийн албаны бүтцийн бүрэн бүрэн зураглалыг ойрын хугацаанд эрчимтэй гаргаж Засгийн газрын түвшинд танилцуулах юм байна.
Төрийн албаны хууль, тогтоомжийн дагуу Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллахаар болж байгаа, тухайлбал ойрын хугацаанд улирал бүр сонгон шалгаруулалт зохион байгуулахаар ажиллаж байгааг Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдлээ.
Төрийн албаны хүний нөөцийн аудитын журам батлагдсанаар энэ сараас эхлэн хүний нөөцийн аудит хийж эхлэх нөхцөл бүрджээ. Ингэхдээ эхний ээлжид яамдуудаас эхлэн хийх бөгөөд 5 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдах юм байна.
Уулзалтын төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэтгэл эрчимжиж байна. Ковид-19-ийн дараах төрийн алба, дархлаажуулалтын дараах төрийн алба гэх шинэ нөхцөл байдалд бид ажиллах болж байна. Тиймээс төрийн үйлчилгээ авч буй иргэдийн цахимжсан, технологижсон, хүнд сурталгүй төрийн албыг шаардсан хүлээлт өндөр байна. Тиймээс төрийн албыг цахимжуулж, хүнд сурталгүй иргэдэд үйлчлэх төрийн албыг бий болгох чиглэлээр шаргуу ажиллах хэрэгтэй” хэмээн онцоллоо.