Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер ван дер Валын “XXI зууны төрийн албаны менежер” номыг энэ удаад онцлон уг номоос сонирхолтой 10 ишлэлийг та бүхэнд хүргэж байна.
“Амжилттай ажиллаж, ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, сургалттай холбоотой “хатуу” ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ манлайлал, харилцааны эв дүй, цагийн менежмент зэрэг хувь хүний “зөөлөн” ур чадвар чухлаар тавигдах боллоо.
Бид хамгийн сүүлийн үеийн олон улсын практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах бичиг, зохиол бүтээлийг сонгон, зохиогчийн эрхийг авч хэвлэн нийтэлж буйн нэг нь төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер Вандер Валын энэхүү ном билээ.” хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг энэхүү номын тухай онцолжээ.
Уг номыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг Штөлөвшүүлэх нь” төслийн хүрээнд монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдын гарт цаасан хэвлэлээр болон цахим хувилбараар хүргэсэн байна.
Энэхүү ном нь монгол хэлнээ хэвлэгдэн гарсан цагаасаа эхлэн төрийн албан хаагчдын дунд хамгийн эрэлт ихтэй ном болоод байгаа юм.
Зохиогч тус бүтээлдээ Дэлхийн улс орнуудын эдийн засаг улам илүү харилцан хамааралтай болж, эрх мэдлийн шилжилт Ази руу чиглэж байгаа зэрэг чиг хандлагуудыг олон эх сурвалж, улс орнуудын жишээ, тоо баримт ашиглан тоймлон өгүүлжээ.
Түүнчлэн 1995 оноос хойш төрсөн “унаган дижитал” - Z үеийнхэн төрийн албанд элсэж байгаа, тэдний онцлог байдлыг таньж мэдэх, тэднийг зөв чиглүүлэн удирдах талаар сонирхолтой санаануудыг уг номоос Та олж мэдэх болно.
Нөхцөл байдлыг ойлгож, түүнд зохицож ажиллахад туршлага, тэвчээр, чөлөөт сэтгэлгээ, мэдрэмж нь сургалтын хөтөлбөрөөс ч илүү хэрэгтэй.
Y ба Z үеийнхэн бизнес сэтгэлгээтэй, эрч хүчтэй, албан ёсны эрх мэдлийн шатлалыг төдийлөн тоодоггүй, хялбархан сүлжээ бий болгодог, хийж байгаа бүх зүйлдээ технологийн үр дагаврыг тооцдог гэж үздэг. Хэрэв эдгээр онцлог шинж чанарыг боломж гэж харвал үнэт зүйлсийг бий болгох зорилгоор өөрийн чадавхыг дээд зэргээр ашиглахын тулд хойч үеийнхнийг хэрхэн ажилд авч, тогтвортой ажиллуулж, сэтгэлийг нь татаж, урамшуулан зоригжуулах вэ гэсэн асуултууд гарч ирэх болно.