Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн улс орон даяар зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, сонгон шалгаруулалтын газрын албан хаагчид сэтгүүлчидтэй уулзалт хийв.
Уулзалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж үг хэлэв. Төрийн албаны 2020 оны ерөнхий шалгалтын бэлтгэл ажил хангагдсан талаар төрийн албаны зөвлөлийн гишүүд болон Сонгон шалгаруулалтын газрын дарга нар танилцуулга, мэдээлэл хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын сорилыг олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд сорихыг бүрдүүлэн ажиллажээ.
Уулзалтын үеэр сэтгүүлчдийг төрийн албаны ерөнхий шалгалтын цахим тестийн туршилтад хамруулж, шалгалтын сорилын талаарх тэдний санал сэтгэгдлийг сонслоо.