Төрийн албаны шинэтгэлийн үйл явцад төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон эрдэмтэд, судлаачдын хамтын ажиллагааны зүй зохистой арга, хэлбэрийг тогтоох, мэдлэг, туршлага солилцох ажлыг Төрийн албаны зөвлөлөөс тогтмол зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс үзүүлж буй зөвлөх үйлчилгээг судалгаа шинжилгээ, баримт нотолгоонд үндэслэж, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн байх шаардлагыг тавьж, олон улсын чиг хандлага, шинэ туршлага, инноваци, шилдэг менежментэд тулгуурласан зөвлөх үйлчилгээний үр дүнд зөв, оновчтой бодлого, шийдвэр гаргахыг зорилт болгож байгаа юм.
Түүнчлэн нийгэм, эдийн засгийн янз бүрийн салбар, түвшинд урьд өмнө хэрэгжүүлж байсан зарим төсөл, хөтөлбөрүүдийн нэр хүнд, үр өгөөж өндөр биш, Төслийн баг болон гүйцэтгэгчийн ажлын үр дүн хүлээлтийн хэмжээнд хүрдэггүй тухай ойлголт олон нийтийн дунд байдаг жишгийг энэхүү Төслийн ажилд давтахгүй байж, зөв ажлын жишиг тогтоож чадна гэж үзэж байна.