Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөл “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайлан болон Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн мэдээ”-г Улсын Их Хуралд хүргүүллээ.
Тайланд 2019 он бүхэлдээ төрийн албаны олон талт харилцааг зарчмын шинэ агуулгаар зохицуулсан эрх зүйн орчин дахь шинэтгэлийн гараа, эрх зүйт төрийн албаны орчин үеийн хөгжлийн чиг хандлага, соёлыг төлөвшүүлэх үйл явцыг эхлүүлсэн шилжилтийн жил байсныг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэхэд нэгдмэл байр суурь, зорилго чиглэлтэй ажилласан нь үйл ажиллагаагаа амжилттай явуулах чухал хүчин зүйл болсныг мөн тайланд онцлон тэмдэглэжээ.
Мөн тайланд Мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх ажлын үндэс болсон төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг шинэ шаардлага, ур чадварт нийцүүлэн боловсруулан зөвшөөрөл олгох, чадахуйн (мерит) зарчим, цахим шалгалтад суурилсан шударга өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулах, төрийн албаны сургалтын шинэ тогтолцоо, хүний нөөцийн аудитын чадавхыг шинээр бий болгох, хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж гарсан зөрчлийг арилгуулах, албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг барагдуулах зэргээр төрийн албанд шинэ хандлага, шинэ соёлыг төлөвшүүлж, ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой удирдлага, зохион байгуулалтын ажлуудыг төлөвлөн үе шаттай хэрэгжүүлэн ажилласан жил байсныг дурджээ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ