Өнөөдөр Төрийн албаны зөвлөл дээр “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”, “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль”-ийн төслүүд дээр УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд болон УИХ-ын харьяа байгууллагуудын буюу төрийн захиргааны төв байгууллагуудын хуулийн хэлтсийн дарга, холбогдох ажилтнууд оролцсон хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Монгол төр, төр шиг байхын үндэс нь төрийн алба нь ёс зүйтэй хариуцлагатай, мэргэшсэн байх явдал юм. Бид 2000 жилийн төрт ёсны уламжлалтай. Төрийн 7 эрдэнийн хамгийн чухал эрдэнэ нь “түшмэл эрдэнэ” гэж зааж иржээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдаа чухалж ирсэн зарчим нь энэ юм. Их хаан танил тал, хамаатан садан гэхгүйгээр дүүгээ нухчин дарж, түшмэлээ сонгож байсан. Яг л ийм зарчмаар явж ирсэн. Төрийн албанд хүн авахдаа танил тал, улс төрийн нам харьяалалгүйгээр ёс зүйн өндөр шаардлагатай, боловсролтой хүнийг авдаг болж байж Монгол Улс хөгжинө” хэмээн хэллээ.
Түүний дараагаар Төрийн албаны зөвлөлийн дарга хэлсэн үгэндээ, “Болж бүтэхгүй зүйлсээс урьдчилан сэргийлж чадахгүй бол нэгэнт эхэлсэн хар бараан зүйл гинжин урвал адил цааш үргэлжлэх магадлалыг тодорхойлсон “Хагархай цонхны онол” гэж байдаг. Энэ нь гэм буруутай, ёс зүйгүй үйлдлийг гаргуулахгүй байх нь хамгийн зохистой гэсэн үг. Энэ бодлогыг төрийн албанд цаашид тууштай баримталж, ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулна.
Төрийн албаны зөвлөл 2020 оны ажлаа “Хуулиа дээдэлсэн иргэдээ эрхэмлэсэн” зорилтын дор эрчимтэй үргэлжлүүлэх болно. Ирэх онд хийгдэх олон ажлууд дунд “Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар соён гэгээрүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, таслан зогсоох, зөрчлийг цаг тухайд нь шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг байгууллага нэг бүрт хэвшүүлэх” ажил мөн багтсан.
Төрийн албаны шинэтгэл төрийн албан хаагчдын зан үйлийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлтөөр хэмжигдсэн, шинийг эрэлхийлсэн, бүтээлч, инновацлаг шинжийг агуулсан, дижитал шилжилтэд шилжсэн байхын төлөө үргэлжлэн явагдах болно” хэмээн онцлон хэллээ.
Мөн хэлэлцүүлгээр, Төрийн албаны шинэтгэлийн үйл явцийн гол үзэл санаа нь төрийн алба нь мерит буюу чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн, тогтвортой байлгахад чиглэгдсэн. Тэгвэл төрийн алба тогтвортой, мэргэшсэн байхын тулд хариуцлагатай байх нь чухал бөгөөд үүнд ёс зүй, сахилга хариуцлагын тухай асуудал зайлшгүй хөндөгдөн гарч ирж байгаа тухайд ярилцлаа. Мөн одоогоор Төрийн албаны тусгай болон захиргааны, үйлчилгээний байгууллагуудад ёс зүйн дүрмүүд үйлчилж байгаа бөгөөд Төрийн албаны шинэтгэлийн дараагийн чухал үйл явц нь хариуцлагыг сайжруулах үйл явц гэж үзэж байгааг онцлов. Тиймээс Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг нэгдсэн чиг шугамд оруулах зорилгоор “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан, батлуулах шаардлага гарсан тухай холбогдох мэргэжилтнүүд ярьж байлаа. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль батлагдан хэрэгжсэнээр төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагын тогтолцоо одоо байгаагаас илүү цэгцэрч, сахилга хариуцлага өндөр болох талаар холбогдох мэргэжилтнүүд ярьж байна.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчид энэхүү хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.