Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Э.Эрдэнэхишигтэй ярилцлаа.
-Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Төрийн албаны тухай хуулийг мөрдөж эхлээд 10 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хуульд орсон шинэ зарчмын өөрчлөлтүүдийн талаар төрийн байгууллага, албан хаагч, иргэдэд сурталчилж, ойлголтын зөрүүг арилгах, таниулахад түлхүү анхаарч ажилласан. Төрийн албаны зөвлөл 21 аймагт төрийн албаны шинэтгэлийн бодлого, төрийн захиргааны болон хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх зөвлөн туслах ажлын хэсгийг ажиллуулсан. Энэ ондоо багтаан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт аймаг, орон нутагт ямар байгааг нэгтгэн Зөвлөлд танилцуулахаар төлөвлөж байна.
-Хуулийг хэрэгжүүлэх явцад эргэн хармаар зүйл, заалт, эсвэл засаж залруулмаар асуудалтай тулгарч байна уу?
-Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд удаагүй байгаа учраас залруулах шаардлагатай гэж дүгнэх эрт байна. Хууль хэрэгжээд удаагүй тул энийг л засаж янзлахгүй бол болохгүй нь гэсэн зүйл одооноор байхгүй болно. Нэгэнт баталсан хуулийг бид хэрэгжүүлэх л үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийг дахин эргэж харья гэх биш, харин ч холбогдох бусад хуулийг уг хуульд нийцүүлж өөрчлөх хэрэгцээ шаардлага байгаа. Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно гэж заасан нь Төрийн албаны тухай шинэчилсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Нэгэнт Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч улс төрөөс ангид байхыг хуульчилсан учраас сүүлд батлагдаж, мөрдөж байгаа хуулиа мөрдөх шаардлага гарч байна. Тиймээс бусад хуульд энэ мэтээр нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж, холбогдох газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
-Одоогийн хийж буй хяналт, шалгалтын дүнгийн талаар мэдээлнэ үү. Тухайлбал, БОАЖЯ, ЗТХЯ-нд ихээхэн зөрчил илэрсэн. Үүнийг дагасан маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн үү?
-Ер нь хууль бус томилгооны асуудал төрийн байгууллагуудад байна. БОАЖЯ-нд гэхэд 45 албан хаагч хууль бусаар томилогдсон байсан. Хууль бус гэдэг маань төрийн албанд шалгалтгүй, сонгон шалгаруулалт өгөөгүй төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон иргэний тухай асуудал. Тэднийг хуульд нийцүүлэх үүргийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон ч зарим нь үндэслэлгүйгээр халагдсан гэх шалтгаанаар шүүхэд гомдол гаргасан ганц нэг асуудал бий. Хууль бусаар томилогдсон хүмүүсийн олонх нь БОАЖЯ-ны сав газрын дарга нар байсан. Зам, тээврийн хөгжлийн яаманд ийм асуудал харьцангуй гайгүй. Одоогоор манайх Эрчим хүчний яаманд хяналт шалгалт хийж байна.
-Төрд учруулсан хохирлыг барагдуулах асуудлаар Төрийн албаны зөвлөлийнхөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Өмнөх хуульд ч гэсэн иймэрхүү заалт байсан юм билээ. Энэ удаагийн өөрчлөлт юугаараа онцлогтой вэ?
-Тийм ээ, өмнөх хуульд ийм заалт байсан. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон.
Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөл 9 орчим сая төгрөгийн болон 700 мянган төгрөгийг төлүүлэхээр Хан-Уул болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байна.
-Аудит хийх эрхтэй болсон гэлээ. Иргэдийн санал хүсэлтийн дагуу юу, эсвэл жил бүр тогтмол хугацаанд хийх юм уу?
- За энэ хүний нөөцийн аудит хийх нь шинэ ойлголт юм. Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхэд чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийнэ гэж байгаа. Зөвхөн иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хүний нөөцийн аудит хийнэ гэж ойлгож болохгүй. Төрийн албаны зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу хүний нөөцийн аудит хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор төрийн байгууллагын хүний нөөцийн аудитыг хийх арга зүйгээ бид боловсруулж байна. Үндэсний аудитын газар хууль тогтоомж, эрхийнхээ хүрээнд тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, зарцуулалтыг нь хянаж аудит хийдэг. Тэгвэл бид чадахуйн зарчмын хэрэгжилтэд хүний нөөцийн аудит хийхдээ ямар шалгуур үзүүлэлтийг хамруулж хийх талаар судалж байна гэсэн үг. Төрийн албаны чадахуйн зарчим гэдэг маань Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан мэдлэг, туршлага, ур чадвартай хүнийг зохих албан тушаалд нь томилсон эсэх, албан тушаалд шатлан дэвшүүлж томилохдоо тухайн албан хаагчийн мэдлэг, боловсрол, ажлын гүйцэтгэл, ур чадвар зэрэгт үндэслэн эсэхийг дүгнэнэ.
-Хууль мөрдөж эхэлснээс хойш хууль бус томилгоотой холбоотой хэчнээн өргөдөл, гомдол ирэв?
-Өнгөрсөн жилүүдэд ирдэг байсан өргөдөл, гомдлын тоо нэмэгдсэн. Энэ есдүгээр сарын байдлаар 560 гаруй өргөдөл ирсэн байна. Төрийн албан хаагчдаас, иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилуулж чадахгүй байсан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд нь томилуулсан зэрэг ажлыг хийж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн үүрэг даалгавраар хэдэн албан хаагч албан тушаалдаа томилогдсон, хэд нь томилогдоогүй талаарх дүн мэдээг нэгтгэж байна.
-Улс төрийн албан хаагчдаас томилогддог нийт 560 гаруй албан тушаалтан байдаг. Энэ заалт шинэ хуулиар өөрчлөгдөөгүй гэж дуулсан. Үүнийг ашиглан төрөл садангийн хүнээ өндөр албан тушаалд томилохгүй гэх баталгаа бий юү?
-Улс төрийн албан хаагчаас төрийн албан тушаалд томилгоо хийхтэй холбоотой асуудлыг бусад хуулиар зохицуулдаг. Гэхдээ энэ хуулиар дурын хэн нэг хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох боломжгүй. Яагаад гэвэл, төрийн жинхэнэ албан тушаал бүр албан тушаалын тодорхойлолтой. Тэр албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл тус бүрээр нь хэлэлцэн хянаж, батлах зөвшөөрлийг томилох эрх бүхий этгээдэд олгодог. Албан тушаалын тодорхойлолт дээр нь мэргэжил, ажилласан жил гэх мэтийн нарийн шалгуурыг тусгана. Төрийн албаны тухай хуулийг дагалдан 20 хуульд нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Зохих журмын дагуу төрийн албаны шалгалт өгч, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүнийг л ажилд томилох зохицуулалттай болсон. Тэгэхээр төрөл садангийн юм уу, эсвэл танил тал гэх мэт дурын хүнээ ажилд томилдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй.Түүнчлэн Төрийн албаны тухай шинэ хуульд “Улс төрийн алба хашиж байгаа хүн төрийн захиргааны албан тушаал давхар хашихгүй” гэсэн заалт оруулсан байгаа.
-Эрх баригч нам солигдоход төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс дагаад солигддог. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх шинж чанар ингэж алдагдсаар ирсэн. Үүнийг засах хамгийн чухал өөрчлөлт нь юу вэ?
- Тийм ээ. Төрийн алба сүүлийн хэдэн жил улс төрийн шинжтэй болж тогтсоныг та бид мэднэ. Сонгуулийн үр дүн нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халах үндэслэл болохгүйг шинэ хуульд тодорхой тусгасан байгаа. Сонгуулийн дараа төрийн байгууллагын зохион байгуулалт, бүтэц өөрчлөгдөөд, орон тоо цомхотгогддог. Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг хадгалагдан үлдсэн бол төрийн жинхэнэ албан хаагч уг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Түүнчлэн, төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдвөл өөр ажил, албан тушаалд шилжих, эсхүл байгууллагын хөрөнгөөр дахин мэргэших эрхтэй гэж тусгасан. Тухайн алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ур чадвар, туршлагад нь тулгуурлан төрийн албанд ажиллах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүнийг томилох эрх бүхий этгээд сонгон шалгаруулж авна. Сонгуулийн үр дүнгээр албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагч нарт нэг удаагийн тэтгэлэг олгох тухай заалт бий. Мөн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхийг хориглоно. Үүнийг зөрчвөл төрд учруулсан хохирлыг нь тухайн шийдвэр гаргасан буруутай албан хаагч өөрийн хөрөнгөөр барагдуулна. Өөрөөр хэлбэл томилох, чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль зөрчсөн албан тушаалтан санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг.