Төрийн албаны зөвлөл мэдээллээ олон нийтэд тогтмол хүргэхээр төлөвлөж байна.
Хууль бус томилгоог хүчингүй болголоо
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэнийг сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Төрийн албаны зөвлөл хяналт шалгалт явууллаа.
Төрийн жинхэнэ албанд төрийн албаны сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон нь намын гишүүнчлэлээс түдгэлзээгүй иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж Төрийн албаны зөвлөл үзэв.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу чөлөөлж, тухайн албан тушаалын сул орон тоог хуулийн дагуу нөхөх мэдэгдлийг Төрийн албаны зөвлөл хүргүүлснээр тухайн иргэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн хэрэгжилтийг хангасан байна.
Засаг даргын захирамжийг хүчингүй болгов
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгов. Сайншанд сумын Засаг даргын, Тамгын газрын даргыг ажлаас халсан захирамжийг төрийн албан хаагчийн гомдлоор Төрийн албаны зөвлөл хянан, Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзэж уг захирамжийг хүчингүй болгов. Ажлаас хууль бусаар халагдсан албан тушаалтныг урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүргийг Төрийн албаны зөвлөл Сайншанд сумын Засагдаргад даалгалаа.
'Топ менежер' сургалт болно
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийг албыг төлөвшүүлэх нь" төслийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг төрийн албанд хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад Төрийн албаны шинэ хуультай холбогдуулан гаргасан дүрэм, журмыг таниулж, арга зүйгээр хангах зорилгоор Топ менежер" сургалтыг тавдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулна. Энэхүү сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга, Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар хамрагдана. Сургалт цаашид үе шаттайгаар үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
Монгол, Энэтхэг хоёр орны Төрийн албаны зөвлөл санамж бичиг байгуулахаар боллоо
Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг Төрийн албаны зөвлөлийн удирдлага хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Энэтхэг хоёр улсын Төрийн албаны зөвлөл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгтгэлээ. Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа урт, дунд. богино хугацааны нийт 49 төсөлт ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэтхэг улс нь 1.339 тэрбум хүн амтай. Энэтхэг улсын зээл, тусламжаар баригдах газрын тосны үйлдвэр нь Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төдийгүй энэхүү үйлдвэр удахгүй ашиглалтад орно гэдэгт монголчууд итгэл төгс байгаа билээ.
Мөн Энэтхэг улсын Ерөнхий сайд асан А.Б.Важпайн нэрэмжит Харилцаа, мэдээлэл, технологи, аутсорсингийн сургууль байгуулагдах болсон нь манай улсын мэдээлэл, харилцаа, холбоо, аутсорсингийн салбарт чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болохыг онцлов.
Сонгон шалгаруулалтыг олон нийтэд мэдээллээ
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд энэ сарын 18-ны өдөр мэдээллээ. Сонгон шалгаруулалтыг 'Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-д заасны дагуу зохион байгуулах юм. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлтийг хүлээн авч бүртгэхдээ, сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах юм. Ирэх тавдугаар сарын 13-ны өдөр зарлалд өгөгдсөн агуулгын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Жирэмсний болон хүүхдээ асрах чөлөөтэй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байртай холбоотой зөрчлийг арилгана
Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсний болон хүүхдээ асрах чөлөөтэй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгална гэж заасан байдаг.
Гэвч жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хугацаа нь дууссаны дараа эдгээр албан хаагчид урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргадаг ч, эгүүлэн томилохгүй байгаа зөрчил илэрч байгаа тул Төрийн албаны зөвлөлөөс энэхүү зөрчлийг арилгах тал дээр анхааран ажиллахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: newspress.mn