Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг Төрийн Албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон Төрийн албаны зөвлөх, Монгол Улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суух элчин сайд асан О.Нямдаваа болон албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын зорилго нь Монгол, Энэтхэг хоёр улсын Төрийн албаны зөвлөл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай байв. Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргыг Энэтхэгт улсад айлчлан санамж бичигт гарын үсэг зурах урилгыг хүргүүлж байгаагаа уулзалтын үеэр албан ёсоор мэдэгдлээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга хэлэхдээ, Энэтхэг Улсын Төрийн албаны зөвлөлийн урилгын хүрээнд дэх айлчлалын явцад санамж бичигтэй холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нөхцөлийг судлахаа илэрхийллээ.
Элчин сайд Монгол Улсад айлчлах хугацаандаа урт, дунд, богино хугацааны нийт 49 төсөлт ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс Энэтхэг улсын зээл, тусламжаар баригдах газрын тосны үйлдвэр нь Монгол, Энэтхэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдлийн зүйл болох чухал ач холбогдолтой төдийгүй энэхүү үйлдвэр удахгүй ашиглалтад орно гэдэгт монголчууд итгэл төгс байгаа билээ.
Мөн Энэтхэг улсын Ерөнхий сайд асан А.Б.Важпайн нэрэмжит Харилцаа, мэдээлэл, технологи, аутсорсингийн сургууль байгуулагдах болсон нь манай улсын мэдээлэл, харилцаа, холбоо, аутсорсингийн салбарт чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.