Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Удирдлагын академитай хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн-төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд төрийн албаны топ менежерүүдийн сургалт зохион байгууллаа.
Топ менежерүүдийн сургалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нээж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “дижитал эрин үед технологи маш хурдтай өөрчлөгдөж байна, иргэд, төрийн албан хаагчдын хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж байна, өөрчлөлтийг удирдах ур чадвараа бий болгох сургалтыг хамтдаа зохион байгуулж байна. Төрийн албаны суурь хэрэгцээг хангах шинэ технологийг төрийн албанд нутагшуулах, иргэдийн шинээр бий болж буй хүлээлтийг удирдах, арга барил менежментийн өөрчлөлтөд дасан зохицох хэрэгтэй байна. Иргэдийнхээ итгэлийг дааж үйлчлэхийн тулд хуучин болон шинэ сорилтыг хамтад нь даван туулах хэрэгтэй боллоо” гэдгийг тэмдэглэн хэлэв.
Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа уулзалт сургалтууд нь зөвхөн чадавхийг бий болгоод зогсохгүй, хэрхэн, яаж шинэчлэх нэгдсэн ойлголтод хүрэх бөгөөд нэгдсэн ойлголтод хүрэхгүйгээр зөв хийх, зөв үр дүнд хүрэх тухай ярилтгүй юм гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг сургалтын ач холбогдлыг тодотголоо.
Мөн төрийн албанд шинэчлэлт хийнэ гэдэгт иргэдийн хүлээлт өндөр давтамжтай байна. Гэхдээ бүгдийг нэг дор хийх боломжгүй, алийг нь түрүүлж хийх, алийг нь дараа хийх вэ гэдэг эрэмбэ бий болгох сонголт хийх хэрэгтэй байна. Энэ эрэмбийн дагуу хийж чадвал өөрчлөлтийг бий болгож, чадвар чадамжийг зөв хуваарилж, иргэдийг итгэлийг алдахаас зайлсхийх боломжтой гээд Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэчлэлийг манлайлах онцгой үүрэг хүлээж байгаа гэдгийг онцоллоо.
Төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд явагдаж байгаа төрийн албаны топ менежерүүдийг мэргэшүүлэх багц сургалтад Сингапурын Үндэсний их сургуулийн судалгаа хариуцсан дэд ректор, доктор профессор Зигер ван дер Вал, НҮБ-ын төслийн бодлогын зөвлөх Раэйн Оранж нар “21-р зууны VUCA ертөнцөд удирдагч байх нь”, Төрийн албаны менежерийн 7 ур чадвар” сэдвээр илтгэл тавьж, төрийн албанд тулгамдаж буй асуудлаар кейс хэлэлцүүлэг зохион байгуулж, харилцан ярилцаж санал бодлоо хуваалцлаа.
Сургалтын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Биата Транкманн нар оролцож, тэргүүн түшмэлийн ангиллын төрийн албан хаагчид яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, УИХ-ын харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа.