Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцож байгаа юм. Зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн “Төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал” илтгэлээс хэсэгчлэн хүргэе.
... Шинэчлэл эрчээ авч байна. Шинэ хууль үйлчилж эхэлсэн. Одоо Та бид юу хийх ёстой вэ?
1. Та бүхэн өөр өөрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгждээ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах онцгой үүргийг төрийн өмнө хүлээсэн гүйцэтгэх засаглалын бие төлөөлөгчид.
2. Хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалт, шатлан дэвшүүлэх болон ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, төрийн захиргааны харилцаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шахалт, дарамт үзүүлэх зүй бус, хууль бус оролцоог таслан зогсоо.
3. Улс төрийн болон захиргааны ажил, албан тушаал тус тусдаа байхыг шинэ хуулиар тодорхой зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны албан тушаал давхар хашиж буй орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонголтоо хийх шаардлагыг Төрийн албаны зөвлөл тавьж байна.
4. Аймаг, нийслэл, сум бүрийн түвшинд Засаг дарга нар харьяа агентлагийн төсвийн шууд захирагч болон төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулахгүй, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь баталж өгөхгүй, ажлыг нь дүгнэхгүй байх тохиолдол цөөнгүй байна.
5. Засаг дарга нар Ажлын алба буюу Тамгын газрынхаа үйл ажиллагаанд улс төрийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь нэн чухал.
6. Улс төрийн удирдах албан тушаалтан бүр мэргэшлийн сонгон шалгаруулалтаар бус ард түмний итгэл хүлээсэн аль нэг улс төрийн хүчний дэмжлэгээр олон түмний сонголтоор сонгогдож байгаа.
Төрийн албаны зөвлөлийн дарга төрийн албанд шинэчлэл, ард түмэнд итгэл авчрахын төлөө үр дүнтэй ажиллахыг зөвлөгөөнд оролцогчдод үүрэг болголоо.