Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 59 ажлын байрны сул орон тоонд өрсөлдөхөөр 1200 гаруй иргэн бүртгүүлж, төрийн албаны шалгалт өгч байна. Шалгалт Засгийн газрын 11-р байрны сургалтын танхимд явагдаж байна. Шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу цагаасаа хоцролгүй, иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудсаа заавал авч ирэхийг анхаарна уу.
Төрийн албаны шалгалт хүнээс ямар ч хамааралгүй цахим системээр авдаг бөгөөд шалгалтын сэдэв, тест зэрэг нь шалгалт эхлэхийн өмнө иргэдийн нүдэн дээр автоматаар шууд сонгогдон дэлгэц дээр гарна. Шалгалтын хугацаа, хариултын явц, тест бөглөлтийн мэдээ нь шалгалт өгч буй хүн бүрийн дэлгэц дээр гарч, цаг дуусангуут автоматаар зогсож, хүн бүрийн авсан оноо, тэнцсэн эсэх тухай мэдээлэл дэлгэц дээр нь гарна. Тухайн үед мөн шалгалт өгсөн хүмүүсийн тэнцсэн эсэх талаарх мэдээлэл автоматаар электрон санд бичигддэг.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын сул ажлын байранд өрсөлдөж байгаа иргэд өөрийн бүртгүүлсэн АЖЛЫН БАЙРНЫ ЗАР хэсэгт орж "ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ"-ээс тухайн ажлын байранд хэдэн хүн бүртгүүлсэн, тантай өрсөлдөж байгаа иргэдээс хуулийн сорилын шалгалтад хэдэн хүн тэнцсэн, өндөр оноотой хэчнээн хүн байгаа зэрэгтэй танилцах боломжтой. Өнөөдрийн байдлаар хууль эрх зүйн шалгалтад орогсдын 40-өөд хувь тэнцээд байна.