Төрийн албаны зөвлөлөөс тус зөвлөлийн Ажлын албаны ахлах зохион байгуулагчийн сул орон тоог нийтэд, нээлттэй зарлан, сонгон шалгаруулалт зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад 1157 иргэн бүртгүүлж, 362 нь тэнцжээ. Шалгалтын гурав дахь шат буюу ярилцлагын шалгалтын комиссын бүрэлдэхүүнд МУИС, Удирдлагын академи, “Этүгэн” зэрэг их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар зэрэг төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд орж ажиллалаа. Тэд шалгалтын явцад хөндлөнгийн хяналт тавьсан нь шалгалтыг ил тод, шударга зохион байгуулахад чухал алхам боллоо.
Шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 64 хувь нь 30 хүртэлх насныхан байгаа нь залуучуудын төрийн албанд ажиллах эрмэлзэл өндөр байгаагийн илэрхийлэл юм. Түүнчлэн залуусын төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн албыг залуу боловсон хүчнээр бэхжүүлэн, чадавхижуулах төрийн бодлогод тэдний хүсэл сонирхол бүрэн нийцэж байгааг харуулав.