УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа. Тэрээр уг хуулийн төслийг санаачилсан гишүүний нэг юм. Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд ярилцлагаа хүргэе.
-Төрийн албыг сонгуулийн циклээр биш мерит зарчимд үндэслэн бэхжүүлнэ гэж төсөлд тусгасан байна. Мерит зарчим гэдэгт ямар үндсэн шалгуурыг тавьж байгаа юм бэ?
-Мерит гэдгийг манайхан тогтвортой төрийн алба гэж олгодог. Мерит гэдэг нь чадавхийн зарчим гэсэн үг. Чадавхийн зарчимд суурилна гэдэг нь хүнийг ажилд авах, чөлөөлөх, дэвшүүлэх бүх зүйлд зөвхөн мэргэжил, боловсролыг нь, ур чадварыг нь , туршлага, ажлын үр дүнг нь харгалзан дэвшүүлдэг тогтолцоог хэлнэ. Хоёрт, Төрийн албаны тухай хуульд тусгасан хамгийн гол зүйл бол шатлан дэвших тогтолцоог бий болгож байгаа. Төрийн алба шатлан дэвших тогтолцоотой болно гэсэн үг. Тухайлбал, мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс хэлтсийн дарга, хэлтсийн даргаас газрын дарга, газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга зэргээр шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлнэ.
-Тэгэхээр яамандаа газрын дарга хийж байгаагүй хүн Төрийн нарийн бичгийн дарга хийх эрхгүй болно гэсэн үг үү?
-Өмнөх албан тушаалд ажиллаагүй бол албан тушаал ахин, дэвших боломжгүй. Тухайн яамны Төрийн нарийн бичгийн дарга өмнө нь газрын даргаар 8-аас доошгүй жил ажилласан байх ёстой. Төрийн албаны хуулийн үндсэн зарчим нь нэгд, мерит, хоёрт, карьерын зарчим үйлчилдэг болно. Өмнө нь карьерын зарчим үйлчлээгүй учраас сонгуулийн дараа хэн нэгэн дурын хүн улс төрийн намын дэмжлэгээр ч юм уу, албан тушаалын дэмжлэгээр ч юм уу, эсвэл танил талаараа ажилд ордог үзэгдэл байсан. Төрийн албаны хуулийн үндсэн концепци хэрэгжсэнээр энэ үзэгдэл байхгүй болно.
-Энэ хуулийн хүрээнд төрийн албаны данхар бүтцийг цэгцлэгдэх үү. Гурван жилийн дотор 30-40 хувиар нэмэгдэж, 190 гаруй мянган төрийн албан хаагчтай болсон байна. Энэ хүмүүст мерит болон карьерын зарчим үйлчлэх үү?
-Одоо байгаа албан хаагчдаас өөрчлөлт эхэлнэ. Манай улс төрийн албаа багасгах, цомхон болгох зайлшгүй шаардлага бий. Гэхдээ жил бүр шинээр сургууль, цэцэрлэг баригддаг. Энэ хэрээр төрийн албан хаагчийн тоо нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээний салбарын ажилчдын тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр төрийн албыг дан ганц орон тоогоор нь авч үзэж болохгүй. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний алба, төрийн жинхэнэ алба гэж ялгах шаардлага үүсч байгаа. Төрийн захиргааны буюу төрийн тусгай албан хаагчдын тоог хязгаарлах ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Бүтцийг өөрчилж, чадавхыг сайжруулж, хүндээ үйлчилдэг болгох шаардлагаар явах ёстой.
Шинэ Төрийн албаны хууль батлагдсаны дараа төрийн албанд нэлээд том хэмжээний бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Нөгөө талаас Удирдлагын академийг төрийн албан хаагчийг бэлтгэдэг сургууль болгохоор тусгасан байгаа. Уг сургуулийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа сургууль болгож, зөвхөн төрийн албан хаагчдыг л бэлтгэдэг сургууль болно.
-ЗГХЭГ-т гэхээс илүү Төрийн албаны зөвлөлийн дэргэд сургуулийг нь байгуулж болдоггүй юм уу гэдэг шүүмжлэл байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Төрийн албаны зөвлөл стандарт тогтоодог. Төрийн албаны стандарт ямар байхыг тогтоодог. Хоёрт, Төрийн албаны зөвлөл Төрийн албан тухай хууль зөрчигдөж байна уу, үгүй юү гэдэгт хяналт тавьдаг. Зөрчигдсөн тохиолдолд төрийн албан хаагчдыг хамгаалдаг, шийдвэрийг хүчингүй болгодог байгууллага. Гуравт, Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах ажлыг хийдэг. Ийм гурван том үүрэгтэй. Боловсон хүчнээ бэлтгэх, сургах, давтан сургах, ур чадвартай болгох асуудал нь менежерийн хийх үүрэг. Менежер нь Засгийн газар. Тиймээс тус сургуулийг Засгийн газрын мэдэлд байх ёстой гэж үзсэн. Ер нь Монгол Улсын хэмжээний төрийн албаны менежер нь Засгийн газар шүү дээ. Бид л тоохгүй орхиж, Засгийн газар төрийн албан хаагчдыг бэлтгэх тухай бус, яаж нүүрс их гаргах тухай л бодоод байна. Цаашдаа ЗГХЭГ төрийн албан хаагчдаа бэлтгэдэг байгууллага байх ёстой гэж үзсэн. Энэ агуулгаар нь Удирдлагын академийг Засгийн газрын харьяа болгож байна.
-Төрийн албаны зөвлөл үүрэг, хариуцлагыг шинэ хуулийн төсөлд ямар байдлаар тусгаж байгаа вэ?
-Төрийн албаны зөвлөлийн орон тоог нэмж байгаа. Одоо гурван гишүүнтэй байгаа бол шинэ хуулиар таван гишүүнтэй болно. Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халбал Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхийг нь олгоно. Энэ заалт нь өмнөх Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанаас ялгаатай болж байгаа. Өнөөдрийн хуулиар Төрийн албаны зөвлөл хүчингүй биш, санал л тавих эрхтэй. Гуравт, шинэ хуулиар Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг хангаж байгаа. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн таван гишүүний хоёрыг нь төрийн албан хаагчийн төлөөлөл болгож, дотроос нь сонгон шалгаруулна. Энэ нь аль болох хараат бус байдлыг бий болгож гэж үзсэн.
-УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганы нээлтийн үеэр “Төрийн албанд оффшор данстай хүн ажиллахгүй. Энэ өөрчлөлтийг Төрийн албаны хуулийн төсөлд тусгаж байгаа” гэж мэдэгдэж байсан. Хуулийн төсөлд яг ийм заалт орсон уу?
-Саяхан өөрчлөлт оруулсан оффшорын эсрэг хуульд төрийн албанд оффшор данстай хүн байхыг хориглосон. Оффшор данстай хүн төрийн албанд ажилд орвол 45 хоногийн дотор дансаа мэдүүлж, цэгцлэх ёстой. Хэрвээ цэгцлээгүй бол хариуцлага хүлээнэ. Шинэ Төрийн албаны тухай хуулиар авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, түүгээр ял шийтгүүлсэн хүнийг дахин төрийн албанд ажиллуулахгүй байх заалтыг оруулсан. Маш тодорхой болгосон гэсэн үг.
-Төрийн албан хаагчийн хариуцлагын асуудлыг ямар байдлаар тусгасан бол. Дээрээсээ буюу сайд дарга нараасаа эхлээд хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэж экспертүүд сануулдаг.
-Төрийн албаны хуульд хариуцлагын олон заалтыг тусгасан. Хамгийн наад зах нь төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан нь Төрийн албаны зөвлөл болон шүүхийн шийдвэрээр тогтоогдвол тухайн албан хаагчийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцдаг болно. Өнөөдөр жилд 4.6 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан төлбөрт төлж байгаа. Цаашдаа ийм үрэлгэн төсөв гаргахгүйн тулд хууль бус шийдвэр гаргасан албан хаагчдад өөрт нь хариуцлага хүлээдэг болно. Өөр дээр нь бүх хариуцлагын тогтолцоо шилжсэнээр эрсдэлтэй шийдвэр гаргахгүй болно гэж үзсэн.
-Дахиад шатлан дэвших сэдэв рүү ороход, төрд хамгийн багадаа 16 жил ажилласан хүн яамны Төрийн нарийн бичгийн дарга болно гэж ойлголоо. Зарим гишүүний хувьд ажилласан жилийн туршлагыг өндөр байна гэсэн шүүмжлэл байсан. Тухайлбал, гадаадад маш өндөр боловсрол эзэмшиж, бэлтгэгдээд ирсний дараа яам тамгын газарт газар, хэлтсийн даргаар ажиллах гэтэл найман жил ажиллах шаардлагатай болж байна гэдэг ч юм уу?
-Өндөр ур чадвартай, гадаад, дотоодод сургууль төгссөн нарийн мэргэжлийн боловсон хүчин байвал дээр дурдсан шаардлагыг 50 хувь бууруулж болно гэж хуулийн төсөлд заасан. Үүнийг нь Төрийн албаны зөвлөл тогтооно. Хамгийн гол зүйл нь төрийн албыг улс төрөөс хараат бус болгож байгаа. Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо сонгуулийн циклээс зөрүүлэх зарчим баримталсан. Энэ нь улс төрөөс хараат бус байлгах гэсэн оролдлого юм. Нөгөө талаас шатлан дэвших тогтолцоо нь төрийн албыг тогтвортой болгон гол үндэс юм.
-Эцэст нь асуухад, 2017 оны төсвийн тодотголоо төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор боллоо. Энэхүү шийдвэр нь нэлээд маргаан дагуулж байна. Зах зээлд бэлэн мөнгө тараана гэдгийн цаана үнэ хөөрөгдөх том эрсдэл дагуулдаг. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-2017 оны төсөвт төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэр гарсан. 2018 онд энэ шийдвэр мөн үргэлжилнэ. Манай улс өнгөрсөн тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 2017, 2018 он, 2019 оны хоёрдугаар хагас хүртэл төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, хэвээр нь байлгана гэж тохирсон. Гэтэл нийгэмд эдийн засаг саарч ядуурал нэмэгдэж, орлого багассан. Төрийн албан хаагчдын ихэнх нь ипотекийн зээлтэй байна. Орлогынхоо 75-80 хувийг зээлдээ өгч 20-25 хувиараа амьдарч байна. Иргэд хэрэглээгээ багасгаснаар эдийн засагт сөрөг нөлөө үүсдэг. Тиймээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь маш чухал. Цалин нэмэх гэхээр ОУВС-тай хийсэн гэрээгээр цалин нэмж болохгүй гэчихсэн байгаа шүү дээ.
-ОУВС-гийнхан “Та нар цалингаа огт нэмж болохгүй” гээд тулгаад байгаа юм уу?
-Засгийн газар, ОУВС-гийн хооронд байгуулсан гэрээнд “цалин, нэмэгдэл хөлс нэмэхгүй” гэж заачихсан байгаа. Валютын сантай иргэдийн орлогыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцохоор ярилцахад “Та нар нэг удаагийн арга хэлбэрээр арга хэмжээ авч болно. Түүнээс биш цалин, цалингийн нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэхгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ дагуу гурван талт хэлэлцээр хийсний үр дүнд гаргасан шийдэл нь 300 мянган төгрөг олгох юм. Жигд байдлаар орлого нэмэгдүүлэх энэхүү арга нь бага цалин авдаг хүмүүст үр дүнтэй тусна. Хувиар нэмэгдүүлэхэд бага цалин авдаг хүмүүсийн цалин мэдэгдэхүйц нэмэгддэггүй шүү дээ. Цалин нэмэх боломжгүй энэ үед үүнээс өөр шийдэл байхгүй гэж харж байгаа.
Эх сурвалж itoim.mn