УИХ-ын 2022 оны долдугаар сарын 5-ны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах болон чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэлдүүлэхийг хоригложээ. Мөн ажилласан жилийн босгыг бууруулж, ур чадварт тавих шаардлагыг нэмэгдүүлсний зэрэгцээ төрийн үйлчилгээний удирдах албан хаагч, тусгай албан хаагчийг төрийн захиргаатай адилтган үзэж, албан тушаал дэвших боломжийг нээж өгсөн байна. Ингэхдээ төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлөөс батлах, хуульд заасан тодорхой албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцохоор хуульчилсан байна.
Төрийн албан хаагчийг эрхийг хүндэтгэх, хамгаалах зорилгоор тухайн төрийн албан хаагчийг өөрийнх нь хүсэлтийг үл харгалзан өөр төрийн байгууллагад сэлгэн ажиллуулахыг хоригложээ. Харин хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулах боломжийг нээлттэй үлдээсэн байна.